Банк санхүүгийн үндэс хичээл лекц №1
Лекц-1 МӨНГӨ ТҮҮНИЙ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ТҮҮНИЙ МӨН ЧАНАР
1.
Мөнгөний тухай ойлголт үүсэл хөгжил
2.
Мөнгөний эдийн засагт гүйцэтгэх үүрэг
3.
Мөнгөний эрэлт, эрэлтийн онолууд
Мөнгө нь хүн төрөлхтний түүхийн
явцад үүссэн эдийн засгийн категори бөгөөд түүний хөгжлийн үр дүн юм. Эртний
хүй нэгдлийн үед таваарын үйлдвэрлэл, солилцоо байхгүй байсан тэр цагт мөнгө
гэгч зүйл байсангүй. Харин таваарын үйлдвэрлэл болон арилжаа хэлбэрийн
өөрчлөлт, хөдөлмөрийн хуваарийн гүнзгийрэлтэй нягт холбоотойгоор мөнгө үүсэж,
хөгжсөөр иржээ.
Мөнгө нь эквивалентын төгс хэлбэр,
өртгийн тэнцэх байрыг баттай эзэлсэн, хэрэгцээний өртөг бүхий онцгой таваар
мөн.
Мөнгө нь бусад таваарын нэгэн адил
нийгмийн хөдөлмөрийн бүтээгдэхүүн боловч түүнээс онцлог ялгаатай. Бараа нь
тодорхой хугацааны дараа ашиглагдаж дуусаад, эргэлтээс гардаг бол мөнгө нь
байнгын эргэлтэд явж байдаг. Мөнгө нь арилжаа солилцооны үндсэн дээр
үйлдвэрлэгч ба хэрэглэгчдийн хооронд барааг хөдөлгөөнд оруулж, тэдгээрийн
хоорондын үйлдвэрлэлийн харилцааны гадаад илэрхийлэл нь болж байдаг. Ийм учраас
мөнгөний шинж чанар нь түүнийг ямар материалаар хийснээр биш харин ямар үүрэг
гүйцэтгэж байгаагаар тодорхойлогддог юм. Энэ талаар К. Маркс хэлэхдээ “Мөнгөний
шинж чанар нь юунд оршдог вэ? Гэвэл мөнгө нь эд зүйл биш харин нийгмийн
харилцаа болдогт оршдог” гэжээ.
Үүнээс авч үзвэл мөнгөний үүргүүдийг
гүйцэтгэж чадаж байгаа тэр бүх зүйлийг мөнгө гэж ерөнхийлөн дүгнэж болно.
Гэхдээ уг зүйл нь мөнгөний үүргийг гүйцэтгэж, бүгдэд хүлээн зөвшөөрөгдөхийн
тулд дараах шинжүүдийг өөртөө зайлшгүй агуулсан байх ёстой. Эдгээр шинж нь:
1. Бүх
нийтээрээ уг зүйлийг бараа үйлчилгээнийхээ оронд авахыг хүлээн зөвшөөрсөн байх,
өөрөөр хэлбэл мөнгө нь залгамж чанартай байна.
2. Мөнгөний
залгамж чанар нь хууль ёсоор батлагдсан байх
3. Мөнгөний
өртөг нь түүний эрэлт нийлүүлэлтээс хамаардаг учраас, мөнгөний нийлүүлэлт
хязгаарлагдмал, төрийн хяналтын дор байх
4. Тоологдохуйц
шинж чанартай, авч явахад хялбар байх
5. Хүмүүс
түүний залгамж чанарт итгэлтэй байхын тулд: удаан хугацаанд найдвартай
хэрэглэгддэг
6. Нэг
төрлийн байх зэрэг юм.
Мөнгөний залгамж чанар нь хүмүүс
түүнийг бараа бүтээгдэхүүнийхээ оронд авахад бусад хүмүүс түүнийг мөн л бараа
үйлчилгээнийхээ оронд авна гэсэн итгэл дээр суурилдаг. Түүхийн хөгжлийн явцад
мөнгө нь байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж ирсэн бөгөөд цаашид ч мөн өөрчлөгдөн
хөгжсөөр байх болно. Жишээ нь: Түүхэн хөгжлийнхөө явцад мөнгө нь дараах
хэлбэрүүдийг дамжин хөгжиж иржээ.
Эд зүйлсэн
мөнгө
Металл мөнгө
Зоосон мөнгө
Цаасан мөнгө
Жиралл
(хуурмаг) буюу дансны мөнгө
Компьютерын
мөнгө
Мөнгөний үүргүүд:Таваарын үйлдвэрлэл, түүний зөрчлүүд
нь мөнгөний үүргийг бий болгож, хөгжүүлсэн. Ийм учраас мөнгөний аль нэг үүргийн
хөгжил нь таваарын үйлдвэрлэлийн хувьсал өөрчлөлтийг тусган харуулдаг.
Мөнгө нь доорх үүргүүдийг гүйцэтгэдэг. Үүнд :
1. Арилжааны хэрэгслийн
үүрэг
2. Тооцооны хэрэгслийн
үүрэг
3. Хуримтлалын
хэрэгслийн үүрэг
4. Төлбөрийн хэрэгслийн
үүрэг
Мөнгөний
арилжааны хэрэгслийн үүрэг.Мөнгө энэ үүргээ агшин зуур, гэхдээ тасралтгүй
гүйцэтгэнэ.Учир нь мөнгө зөвхөн тухайн таваарын борлуулалтад оролцоод зогсохгүй
дараа дараагийн таваарын борлуулалтад үргэлжлэн оролцдог. Мөнгө нь арилжааны
хэрэгслийн үүрэг гүйцэтгэхийн тулд зайлшгүй гар дээр бэлнээр байх шаардлагатай.
Мөнгө
өртгийн хэмжүүр болох нь. Таваар гүйлгээнд гарахын өмнө түүний үнэ цэнэ
хэмжигдсэн байх ёстой бөгөөд аливаа таваарын өртөг мөнгөөр хэмжигддэг учраас
мөнгөний бас нэг үүрэг нь өртөг тооцох хэмжүүр буюу худалдааны хэрэгцээтэй
холбоотой. Өөрөөр хэлбэл өртгийн хэмжүүр
гэдэг нь бараа үйлчилгээний өртгийг хэмжих, харьцуулахад ашиглагдаж байгаа
мөнгөний нэгжийг хэлдэг. Таваарын, мөнгөөр илэрхийлэгдсэн өртгийг үнэ гэнэ.
Хуримтлалын
хэрэгслийн үүрэг. Мөнгө энэ үүргийг гүйцэтгэнэ гэдэг нь аливаа бараа таваарыг хүссэн цагтаа
худалдан авах боломжийг хангасан бэлэн мөнгөний санг бий болгоно гэсэн үг.
Дараах тохиолдлуудад мөнгө нь шинэ үүрэг болох хуримтлалын хэрэгслийн үүрэг
гүйцэтгэдэг.
Янз бүрийн
нөхцөл байдлын улмаас мөнгөн гүйлгээний процесс тасалдаж мөнгө эргэлтээс гарах
үед
Мөнгө
хэрэглээнээс илүү гаран хөдөлгөөнгүй зогсох үед
Таваар үйлдвэрлэгч бүхэн зах зээлийн болзошгүй рискээс
сэргийлэхийн тулд мөнгөний зохих хэмжээний нөөцтэй байж өөрийн таваарыг
борлуулж чадах эсэхээс шалтгаалахгүйгээр өөр бусад таваар худалдан авах
бололцоотой байхын тулд мөнгийг цуглуулж хуримтлуулдаг. Мөнгө нь хөрвөх
чадвартай бусад баялгаар хялбархан солигддог учир түүнийг хадгалахад
тохиромжтой байдаг. Гэхдээ түүнийг хэдий хугацаагаар хадгалж болох вэ? Гэдэг нь
маш чухал. Учир нь мөнгөний ханш унаж байгаа үед мөнгөний солилцооны хэрэгслийн
үүрэг хязгаарлагддаг учир мөнгийг хуримтлуулахдаа цаасан мөнгөөр биш, харин
үнэт металл болоод эрдэнэсийн зүйлс байдлаар хадгалдаг. Мөн түүнчлэн үнэт цаас
мэт хөрөнгийн өөр хэлбэрээр ч мөнгөний нөөцийг бий болгодог. Гэхдээ мөнгөний
энэ үүргийг гүйцэтгэхийн тулд тухайн хөрөнгө нь хөрвөх чадвартай байх ёстой.
Хөрвөх чадвар гэдэг нь нөөц баялаг, үнэ цэнээ
алдагдалгүйгээр өөр бусад хэлбэрт шилжих чадварыг хэлнэ. Мөнгө нь хөрвөх
чадвараар хамгийн өндөрт тооцогддог.
Төлбөрийн
хэрэгслийн үүрэг. Мөнгөний төлбөрийн хэрэгслийн үүрэг нь хүмүүсийн хоорондох үйлдвэрлэлийн
болон худалдааны хөгжлийн тусгал юм. Мөнгөний энэ үүрэг таваарын үнийг хожим
төлөхөөр худалдан авах үед үүсдэг боловч зөвхөн таваарын гүйлгээний хүрээгээр
хязгаарлагддаггүй. Мөнгийг зээлэх зээлдүүлэх хийгээд татвар төлөх зэрэгт тэр
энэ үүргээ гүйцэтгэдэг. Мөнгө төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь
ирээдүйд хичнээн хэмжээний төлбөр хийгдэхийг хэмжинэ гэсэн үг.
Мөнгөний эрэлт
Мөнгөний эрэлт гэдэг нь гүйлгээнд
шаардлагатай мөнгөний тоо хэмжээ юм. Мөнгөний эрэлтийн хэмжээ нь аж ахуйн нэгж,
иргэд хөрөнгийхөө хичнээн хувийг бэлэн мөнгөний хэлбэрээр барьж байх
сонирхолтой байгаагаас хамаардаг. Энэ нь тодорхой нэг хугацаанд байгаа бэлэн
мөнгөний нөөцийн эрэлтээр түүний эрэлт хэмжигдэнэ гэсэн үг юм. Мөнгөний
эрэлтийн талаарх асуудлын хувьд эрдэмтэд өөрсдийн янз бүрийн үзэл баримтлалыг
гаргаж тайлбарласан бөгөөд дараах хэд хэдэн онолын урсгалууд байдаг юм.
Мөнгөний эрэлт ба тооны онол
Мөнгөний тооны онол ёсоор гүйлгээнд байгаа мөнгөний
хэмжээ нь үндэсний орлогыг мөнгөний эргэлтийн хурдад харьцуулсантай тэнцүү
байдаг.
M x V=P x Q үүнээс M= P x Q \ V
Энд байгаа мөнгөний хэмжээ М-г мөнгөний эрэлтийн
хэмжээ болох MD-ээр соливол тэгшитгэл нь доорх байдалтай болно.
Эндээс харахад мөнгөний эрэлт MD – нь:
1. Үнийн
түвшин
2. Үйлдвэрлэлийн
хэмжээ
3. Мөнгөний
эргэлтийн хурд гэсэн хүчин зүйлүүдээс хамаарч байна.
Мөнгөний эрэлтийн талаарх Кейнсийн
онол
Джон Мейнард Кейнс нь мөнгөний эрэлтийн тухай онолоо
мөнгөний хөрвөх чадвартай холбон авч тайлбарласан. Кейнс энэ онолдоо эдийн
засаг дахь мөнгөний тэнцэврийн тухай ойлголтыг хялбарчлах үүднээс:
1. Хөрвөх
чадвар өндөртэй гүйлгээний хэрэгсэл буюу мөнгө
2. Хөрвөх
чадвар нь өндөр биш боловч хүүгийн орлого оруулж байдаг бусад хэрэгсэл буюу
нийтэд нь бонд гэсэн хоёр төрлийн санхүүгийн хэрэгсэл байна гэж үзсэн.
Зах зээлийн зохицуулалттай эдийн засагт хэрэглэгч нь хөрөнгөө мөнгө болгох
уу, бонд болгох уу гэсэн асуудалтай тулгарах бөгөөд хэрэв мөнгө болговол хэзээ
ч юунд ч хэрэглэж болох боловч бондоос олох байсан ашиг орлогыг алдана. Харин
бонд болговол тодорхой хэмжээний орлогыг эзэндээ авчрах боловч дуртай цагтаа
арилжааны хэрэгсэл болгож чадахгүй. Ийм нөхцөлд хүмүүсийн мөнгө барьж байх
сонирхол нь дараах шалтгаануудтай байдаг гэж Кейнс үзжээ. Үүнд:
1. Амьдрал
дээр мөнгөн орлого, зарлага хоёр цаг хугацааны хувьд байнга давхцаж байдаггүй
учир орлого орж ирэхээс өмнө төлбөр хийх хэрэгцээ үргэлж гарч байдаг. Энэ
хэрэгцээг хангах хамгийн тохиромжтой хэлбэр нь бэлэн мөнгө хадгалах явдал юм.
Энэ хэрэгцээнд шаардлагатай бэлэн мөнгөний хэмжээг мөнгөний арилжааны эрэлт
гэнэ.
2. Ирээдүйд
гарах зардал орж ирэх орлогыг урьдчилан нарийн тооцоолж болдоггүй. Иймд
ирээдүйд бий болж магадгүй хэрэгцээгээ хангахын тулд хүмүүс бэлэн мөнгө
хадгалдаг. Энэ үед шаардагдах бэлэн мөнгөний хэмжээг болгоомжлолын эрэлт гэнэ.
Жишээ нь: Компаниуд орлого багатай үедээ гэнэт гарсан зардлаа нөхөж чадалгүй
дампуурахаас болгоомжилж нөөц мөнгө хадгалдаг. Арилжааны эрэлт нь орлого
зарлага хоёрын цаг хугацааны зөрүүгээс үүсдэг бол болгоомжлолын эрэлт нь
тэдгээрийн тодорхой бус байдлын улмаас үүсдэг. Энэ эрэлт нь мөнгөний алдагдсан
боломж буюу мөнгө хэлбэрээр хадгалснаар алдаж байгаа хүүгийн төвшинтэй урвуу
хамааралтай.
3. Кейнсийн
загвараар хүмүүс баялгаа бонд юм уу бэлэн мөнгө хэлбэрээр хадгална. Бонд
хэлбэрээр хадгалж байгаа тохиолдолд энэ нь гүйлгээний чадварыг хангахын
зэрэгцээ хүүгийн орлого авчирдаг. Гэхдээ бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан үед
түүнийг зарах шаардлага гардаг. Гэтэл зах зээл дээр хүүгийн төвшин
өөрчлөгдсөнөөс бондын зах зээлийн үнэ буурч эрсдэлд орж болох учир үүнээс
зайлсхийхийн тулд хүмүүс бэлэн мөнгө хадгалдаг. Үүнийг мөнгөний ашиг хонжооны
эрэлт гэнэ. Энэ эрэлтийн хэмжээ нь хүүгийн төвшинтэй урвуу хамааралтайгаар
өөрчлөгдөнө.
Энэ бүхнээс авч үзэхэд Кейнсийн онолоор мөнгөний нийт
эрэлт нь дээрх гурван эрэлтийн нийлбэртэй тэнцүү бөгөөд:
Нэрлэсэн
орлогын өсөлттэй шууд
Хүүгийн
төвшинтэй урвуу хамааралтай байна.
MD=AЭ+БЭ+AХЭ
MD- нийт эрэлт
АЭ-арилжааны эрэлт
БЭ- болгоомжлолын эрэлт
АХЭ- ашиг хонжооны эрэлт
Мөнгөний эрэлтийн талаарх орчин
үеийн онол
Мөнгөний эрэлтийн талаарх орчин
үеийн онолыг баримтлагчид нь Кейнсийн гаргасан орлогын ба хүүгийн түвшин
мөнгөний эрэлтэнд нөлөөлөх тухай үзлийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ орчин үеийн
онол нь мөнгөний эрэлтийн талаар Кейнсээс илүү өргөн хүрээнд авч үздэг. Өөрөөр
хэлбэл мөнгө,бондоос гадна илүү олон санхүүгийн хэрэгсэл, бодит хөрөнгийг
хүмүүс эзэмшдэг болсон учраас тэдгээрээс алиныг нь илүүд үзэх нь мөнгөний
эрэлтэнд нөлөөлнө гэж баталдаг. Мөн энэ онолоор мөнгөний эрэлтэнд нөлөөлөгч
хүчин зүйлүүдийн нэг нь эд баялаг бөгөөд учир нь өсөн нэмэгдэж байгаа баялгийн
бүрэлдэхүүнд мөнгө багтаж явдаг гэж үздэг. Үүнээс гадна мөнгөний эрэлтэнд
нөлөөлөх инфляцийн нөлөөллийг тооцдог. Өөрөөр хэлбэл орчин үеийн мөнгөний онол
нь хөрөнгийн маш өргөн хүрээг хамран мөнгөний эрэлт үүсэх шалтгаануудыг дараах
байдлаар нарийвчлан тодорхойлсон юм.
Мөнгөний эрэлтэнд нөлөөлдөг хувьсах
хүчин зүйлүүдэд:
Бодит орлого
Үнийн төвшин
Бодит
хүүгийн төвшин
Инфляцийн
төвшин хамаарагдана.
Comments
Post a Comment