Банк санхүүгийн үндэс хичээл лекц №3

 

                                                  Лекц-3   САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ

1.      Санхүүгийн зах зээлийн зорилго, мөн чанар

2.      Үнэт цаасны зах зээл

Санхүүгийн зах зээлийн зорилго, мөн чанар

Санхүүгийн хэрэгслүүдийг худалдах худалдан авах замаар түр зуур сул чөлөөтэй байгаа хөрөнгийг эргэлтэд оруулах зээлийн эх үүсвэрийг бий болгох үйл ажиллагаа явагдаж байгаа зах зээлийн нийлбэр цогцыг санхүүгийн зах зээл гэнэ. Санхүүгийн зах зээлийн тусламжтайгаар хөрөнгийн илүүдэл хуримтлал нь хөрөнгийн дутагдалтай хэсэгт санхүүжилтийн эх үүсвэр болон ашиглагдах нөхцөлийг бүрдүүлдэг.

Санхүүгийн зах зээлийн гол зорилго нь сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг санхүүгийн зуучлагч байгууллагаар дамжуулан эргэлтэд оруулах явдал юм.

Санхүүгийн зах зээлд:

         Хөрөнгө оруулагчид буюу мөнгөн хөрөнгийн илүүдэлтэй тал

         Санхүүжигчид буюу хөрөнгийн дутагдалтай тал

         Зуучлагчид гэсэн субъектүүд оролцдог.

Санхүүгийн зах зээл дээр зуучлагчдын үүргийг үнэт цаасны компаниуд брокер дилер андеррайтер гэх мэт мэргэжлийн байгууллага хүмүүс гүйцэтгэдэг. Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын үндсэн чиг үүргийг гүйцэтгэх ажил эрхэлдэг, хорооноос үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх авсан этгээдийг үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжилтнүүд гэнэ.

Хөрөнгө оруулагчид

Зуучлагчид

Санхүүжигчид

         Иргэд

         Засгийн газар

         Аж ахуйн нэгж, байгууллага

         Пүүс компани

         Банк санхүүгийн байгууллага

         Гадаадын хөрөнгө оруулагч

         Брокер

         Дилер

         Хөрөнгө оруулалтын зөвлөх

         Банк

         Үнэт цаасны компани

         Хөрөнгийн бирж

         Андеррайтер

         компани

         засгийн газар

         орон нутгийн засаг захиргааны байгууллагууд

         санхүүгийн байгууллагууд

 

Үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийг брокер гэнэ.

Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нь нийтэд санал болгон арилждаг этгээдийг андеррайтер гэнэ.

Үнэт цаасны зах зээл дээр ашиг олох зорилгоор үнэт цаасыг өөрийн хөрөнгөөр худалдан авах худалдах арилжих үйл ажиллагаа явуулдаг этгээдийг дилер гэнэ.

Санхүүгийн зах зээлийн обьект буюу таваар нь үнэт цаас болон санхүүгийн янз бүрийн хэрэгслүүд болдог. Үүнд: вексель, валют, тодорхой барааг худалдах худалдан авах тухай гэрээнүүд орно.

Санхүүгийн зах зээлийг түүн дээр арилжаалагдаж байгаа санхүүгийн хэрэгслийн төрлөөс нь хамааруулан:

1.      үнэт цаасны зах зээл

2.      гадаад валютын зах зээл

3.      уламжлагдсан зах зээл гэж ангилдаг.

Санхүүгийн зах зээл нь эдийн засагт хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэдэг. Түүний гүйцэтгэж байгаа үүрэг нь санхүүгийн зах зээлийн зорилго түүн дээр явагдаж байгаа арилжааны мөн чанар ач холбогдлоор тодорхойлогдоно. Эдгээр үүрүүд нь:

1.      санхүүгийн зуучлалын үүрэг

2.      эрсдэлээс хамгаалах үүрэг

3.      хадгаламж хуримтлалыг төвлөрүүлэх үүрэг

4.      төлбөрийн чадварыг хангах үүрэг

5.      санхүүжилтийн эх үүсвэрээр хангах үүрэг

Үнэт цаасны зах зээл

Үнэт цаасны бүх төрлийн гүйлгээ арилжаагаар дамжуулан хөрөнгө оруулалтын эх үүсвэр бүрдүүлэх үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явагддаг зах зээлийг үнэт цаасны зах зээл гэнэ. Үнэт цаасны зах зээл дээр явагдаж байгаа үйл ажиллагааг дор дурдсан үе шатуудад хувааж болно. Үүнд:

1.      үнэт цаас гаргах

2.      үнэт цаасыг байршуулах

3.      үнэт цаасны арилжаа

эдгээрээс 1,2 дахь шатыг үнэт цаасны анхдагч зах зээлийн үйл ажиллагаа 3 дахь шатыг хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Санхүүгийн эх үүсвэр шаардлагатай компани засгийн газраас шинээр үнэт цаас гаргаж тараан байршуулах буюу анхны эзэмшигчид үнэт цаасыг хүргэх үйл ажиллагаа явагдаж байгаа зах зээлийг анхдагч зах зээл гэнэ. Энэ зах зээл дээр үнэт цаас гаргагч үнэт цаасаа өөрөө буюу андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх компаниар дамжуулан худалдах арилжих замаар санхүүгийн эх үүсвэр олж авах зорилгоо биелүүлдэг. Анхдагч зах зээл дээр өмнө нь арилжаалагдсан үнэт цаасыг цаашид худалдах худалдан авах арилжих үйл ажиллагаа явагдаж байгаа зах зээлийг хоёрдогч зах зээл гэнэ.

Үнэт цаасны зах зээлийг зохион байгуулалтынх нь хэлбэрээр:

         биржийн

         биржийн бус гэж ангилдаг.

Биржид бүртгэлтэй үнэт цаасыг худалдах болон худалдан авах үйл ажиллагаа явагдаж байгаа зохион байгуулалттай зах зээлийг биржийн зах зээл гэнэ. Үнэт цаасыг биет байдлаар гарган биржийн бүртгэлд оруулахгүйгээр гар дамжуулан худалдаж байгаа зохион байгуулалтгүй зах зээлийг биржийн бус гэнэ. Үүнээс гадна үнэт цаасны зах зээлийг түүн дээр арилжаалагдаж байгаа үнэт цаасны төрөл, зорилго хугацаанаас нь хамааруулаад мөнгөний ба хөрөнгийн гэж ангилдаг.

Мөнгөний зах зээл

Нэг жилээс доош хугацааны хөрвөх чадвар өндөртэй үнэт цааснуудтай холбоотой гүйлгээ, арилжаа хийгдэж байгаа санхүүгийн зах зээлийн нэг төрлийг мөнгөний зах зээл гэнэ. Мөнгөний зах зээл дээр үнэт цаасыг хоёр зорилгоор гаргаж худалддаг. Эдгээр нь:

1.      засгийн газар, компаниуд богино хугацааны санхүүгийн эх үүсвэр олж авах

2.      засгийн газар төв банкнаас мөнгөний нийлүүлэлтэд тавих хяналтын үүргээ хэрэгжүүлэх  юм. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нэг жилээс доош хугацаатай санхүүгийн хэрэгслүүдийг гаргаж арилжаалдаг. Үүнд: засгийн газрын богино хугацааны өрийн бичиг буюу сангийн вексель, банк хоорондын депозит, банкны акцепт, арилжааны вексель хадгаламжийн сертификат гэх мэт.

Мөнгөний зах зээл дээр арилжаалагдаж байгаа санхүүгийн хэрэгслүүд нь:

         хөрвөх чадвар өндөртэй

         хугацаа нь богино тул эрсдэл бага

         хоёрдогч зах зээл дээр арилжиж болдог зэрэг давуу талуудтай байдаг. Ялангуяа хөрвөх чадвар нь маш өндөр бараг бэлэн мөнгөтэй адил байдаг учир эдгээр санхүүгийн хэрэгслүүдийг арилжаалж байгаа зах зээлийг мөнгөний гэж онцлон нэрлэсэн байна.

Мөнгөний зах зээлийг оролцогчдынх нь байдлаар:

1.      засгийн газрын

2.      корпорацын

3.      банк хоорондын зах зээл гэж ангилна.

Хөрөнгийн зах зээл

Хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төвлөрүүлэх түүнийг ашиглахтай холбогдсон хөрөнгийн хөдөлгөөн явагддаг. Зах зээлийн эдийн засагтай орнуудын хувьд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны дийлэнх хувь нь хөрөнгийн зах зээлээр дамжин хэрэгждэг. Нэг жилээс дээш хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалттай үнэт цаас гаргах болон түүнийг худалдах худалдан авах үйл ажиллагаа явагдаж байгаа зах зээлийг хөрөнгийн зах зээл гэнэ.

 

 

 

 

 

 

 

 

Comments

Popular posts from this blog

Банк санхүүгийн үндэс хичээл лекц №1

Банк санхүүгийн үндэс хичээлийн семинар