Банк санхүүгийн үндэс лекц №10

 

Лекц-10 МӨНГӨНИЙ БОДЛОГЫН АРГА ХЭРЭГСЛҮҮД

Төв банк нь мөнгөний бодлогын зорилготой уялдуулан мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах олон аргыг хэрэглэдэг. Мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх байдлаар нь

         Шууд арга

         Шууд бус арга гэж хувааж авч үздэг.

Шууд аргад арилжааны банкны зээлийн үлдэгдэлд хязгаарлалт тогтоох, хүүгийн төвшинг өөрчлөх зэрэг аргууд орох бөгөөд мөнгөний нийлүүлэлтийг богино хугацаанд багасгах зорилго тавьсан үед хэрэглэдэг.

Төв банкнаас арилжааны банкуудын зээлийн үлдэгдлийн дээд хэмжээг тогтоон өгөх замаар мөнгөний нийлүүлэлтийг багасгах аргыг зээлийн үлдэгдэлд хязгаарлалт тогтоох арга гэнэ.  Энэ арга нь арилжааны банкуудын олгох зээлийн хэмжээг багасгаж нэгэнт олгосон зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ авахад хүргэдэг.  Энэ нь гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээг бууруулна.

Төлөгдөх хугацаа нь болоогүй болон эргэн төлөгдөөгүй байгаа зээлийн хэмжээг зээлийн үлдэгдэл гэнэ. Зээлийн үлдэгдлийн хэмжээнд:

         Нийт олгосон зээл

         Зээлийн эргэн төлөгдсөн хэмжээ нөлөөлнө.

Иймээс арилжааны банкууд зээлийн үлдэгдлээ төв банкнаас тогтоосон хязгаарт барьж байхын тулд:

         Зээл олголтыг багасгах

         Зээлийн эргэн төлөгдөх хугацааг богиосгох

         Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах шаардлагатай болдог.

Эдгээр нь эцсийн дүндээ мөнгөний нийлүүлэтийг багасгахад хүргэнэ.

Төв банкнаас арилжааны банкуудын албан ёсны хүүгийн хэмжээг тогтоож өгөх замаар мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх аргыг хүүгийн төвшинг тогтоох арга гэнэ. Албан ёсны хүүгийн хэмжээг өсгөх нь банкуудын олгох зээлийн эрэлтийг бууруулна. Ингэснээр мөнгөн хөрөнгийн урсгал банк руу чиглэж гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ огцом буурдаг.

Банк санхүүгийн системийн хөгжил сул, зах зээлийн нөхцөлд ажиллах чадваргүй нөхцөлд шууд аргыг хэрэглэх нь илүү тохиромжтой. Гэвч удаан хугацааны туршид захиргааны аргаар банкны үйл ажиллагаанд нөлөөлбөл дараах сөрөг үр дагавар авчирдаг. Үүнд:

         Санхүүгийн эрүүл биш тогтолцоог бүрдүүлэх

         Банкуудын төлбөрийн чадварт муугаар нөлөөлөх

         Санхүүгийн капитал нь хүүгээрээ дамжин ашигтай хуваарилагдахад саад болох

         Эдгээр нь эргээд мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх гэх мэт

Мөнгөний бодлогын шууд бус аргад:

         Заавал байлгах нөөцийн арга

         Нээлттэй зах зээлийн гүйлгээ

         Хүүгийн нэгдсэн бодлого

         Төв банкны зээлжүүлэлт гэх мэт аргууд орно.

 

 

Заавал байлгах нөөцийн арга

Мөнгөн зээлийн өсөлтийг зохицуулах нэг хэрэгсэл нь заавал байлгах нөөцийн арга юм. Энэ арга нь арилжааны банкуудын зээлдүүлэх боломжийг хязгаарлах замаар мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг зохицуулахаас гадна банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дээшлүүлж, харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилгод нийцдэг.

Арилжааны банкуудын бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөсөө бэлэн нөөц хэлбэрээр байлгавал зохих хамгийн доод хэмжээг заавал байлгах нөөц гэнэ. Уг нөөцийг

         Арилжааны банкууд өөрийн касст бэлэн мөнгө хэлбэрээр

         Төв банкинд харилцах дансны үлдэгдэл хэлбэрээр байршуулж болно.

Заавал байлгах нөөцийн хэмжээг төв банк өөрийн мөнгөний бодлогод нийцүүлэн арилжааны банкны бусдаас татан төвлөрүүлсөн хөрөнгийн зохих хувиар тогтоодог. Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг зохистой төвшинд тогтоож тогтвортойгоор байлгахгүй бол нэг талаас банкуудын орлого олдогггүй активын хэмжээг нэмэгдүүлж ашигт ажиллагааг нь бууруулах нөгөө талаас банкны төлбөрийн чадварыг багасгах нөлөө үзүүлнэ. Иймд төв банк нь арилжааны банкуудын хүүгийн орлогыг бууруулахгүй байх үүднээс өөр дээрээ байршуулсан харилцах дансны үлдэгдэлд тодорхой хэмжээний хүүг төлдөг.

Үүний хамт заавал байлгах нөөцийг дутагдуулсан банкинд сануулга даалгавар өгөх, торгууль ноогдуулах арга хэмжээ авдаг. Учир нь заавал байлгах нөөцийн шаардлагыг арилжааны банкууд хангаж ажиллахгүй бол төв банкны мөнгөний бодлогын зорилт хэрэгжихгүйд хүрнэ. Заавал байлгах нөөц нь мөнгөний нийлүүлэлт буюу эдийн засаг дахь мөнгөний хэмжээтэй урвуу  хамааралтай үзүүлэлт юм. Иймд хэрэв төв банк нь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх бодлого баримталбал заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулна. Ингэснээр банкуудын зээлд олгох хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, зах зээлийн хүүг бууруулснаар мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэдэг. Харин мөнгөний нийлүүлэлтийг багасгах зорилт тавибал заавал байлгах нөөцийн хэмжээг ихэсгэх арга хэмжээ авдаг. Банкуудын заавал байлгах нөөц хэлбэрээр хадгалах хөрөнгийн хэмжээ нэмэгдсэнээр банкууд хөрөнгийнхөө нилээд хэсгийг төв банкид харилцах дансанд хадгалж түүнийгээ зээл болгон олгох боломжгүй болно. Үүний дүнд банкны зээллэгийн капитал болон гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ багасаж, зээлийн хүүг өсгөдөг. Мөнгөний нийлүүлэлтийг тодорхойлогч хүчин зүйлүүдийн нэг болох мөнгөний үржүүлэгчийн хэмжээнд заавал байлгах нөөцөөс гадна

         Гар дээрх бэлэн мөнгө ба харилцахын харьцаа

         Хадгаламж харилцахын харьцаа

         Илүүдэл нөөцийн хувь хэмжээ нөлөөлдөг.

Харин эдгээр хүчин зүйлүүдийг төв банкнаас хянаж, түүнд нөлөөлөх нь бэрхшээлтэй байдаг учраас мөнгөний үржүүлэгчийг хүссэн хэмжээндээ байлгахын тулд заавал байлгах нөөцийн хэмжээг өөрчилж эдгээр гурван хувьсагчийн өөрчлөлтийг нөхдөг.

Төв банкны зээлжүүлэлт

Төв банк нь мөнгөний нийлүүлэтийг зохицуулахдаа заавал байлгах нөөцийн аргаас гадна арилжааны банк болон засгийн газарт олгох зээлийн хэмжээнд тодорхой хяналт тогтоосноор өөрийн зорилтыг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл зээлээр зохицуулалт хийх ерөнхий аргыг мөн ашигладаг. Төв банк нь зээлжүүлэлтийн аргыг хэрэглэхийн тулд:

         Зээлийн нөхцөл, барьцаа, баталгаанд тавих шаардлагыг тогтоох

         Шинээр олгох зээлийн албан ёсны хүүг оновчтой тогтоох

         Зээл авч байгаа банкуудын төлбөрийн чадварыг онцлон авч үзэх

         Зээлийн эргэн төлөгдөх нөхцөлийг нарийн тодорхойлох зэрэг зарчмуудыг мөрдлөг болгодог.

Эдгээр зарчмыг ханган ажилласнаар төв банк нь мөнгөний нийлүүлэлтийг хянах үүргээ амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ төлбөрийн чадвар муутай банкуудад зээл олгосноор зээл эргэн төлөгдөхгүйд хүрч болох эрсдэлээс сэргийлж чадна.

Төв банкны зээлжүүлэлтийн арга нь арилжааны банкуудын үйл ажиллагаа ялангуяа зээллэгийн капиталын зах зээл дээрх үйл ажиллагаа цаашилбал мөнгөний нийлүүлэлтэнд үлэмж нөлөө үзүүлнэ. Учир нь арилжааны банк эцсийн зээлдүүлэгч болдог тул түүнд олгох зээлийн хэмжээ нь нийт гүйлгээнд орох мөнгөний тоо хэмжээнд нөлөөлдөг. Үүний шалтгаан нь арилжааны банк зээл авснаар түүний хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэж, тэр хэмжээгээр зээлжих чадвар нь дээшлэх бөгөөд үүний дүнд гүйлгээнд гарах мөнгөний хэмжээ өснө.

Энэ нөлөөлөл нь арилжааны банкуудад төв банкнаас олгосон зээлийн хэмжээтэй шууд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл тэдгээрт төв банкнаас олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлбэл нийт гүйлгээн дэх мөнгөний тоо хэмжээ нэмэгдэж харин бууруулба мөнгөний нийлүүлэлт багасна гэсэн үг юм.

Төв банк нь мөнгөний бодлогын хүрээнд арилжааны банкуудын түр хугацааны санхүүгийн эх үүсвэрийн хэрэгцээнд зориулан дээрх зарчмын үндсэн дээр дахин санхүүжилтын зээлийг олгодог.

Төв банкин дахь харилцах, хадгаламж болон үнэт цаасаар барьцаалан банкинд зээл олгох үйл ажиллагаа болон нэг жилийн дотор төлөгдөх засгийн газрын өрийн бичиг, төв банкны үнэт цаас, төв банкнаас зөвшөөрсөн харилцагчийн банкинд бичиж хямдруулж худалдсан вексель зэргийг банкнаас худалдан авах үйл ажиллагааг дахин санхүүжилт гэнэ.

         Актив үнэт цаас харилцах хадгаламжаар барьцаалан олгох зээлийг барьцаат зээл гэнэ.

         Үнэт цаас худалдан авах замаар хийх санхүүжилтийг хямдруулалт гэнэ.

Дотоодын үнийн өсөлтийг бууруулж, үндэсний валютын худалдан авах чадварыг тогтворжуулахад чиглэсэн төв банкны үндсэн үүргийг хангах, мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахад төв банкнаас засгийн газарт олгох зээлийн хэмжээнд хяналт тавих явдал чухал ач холбогдолтой байдаг. Иймээс төв банк нь засгийн газарт зээл олгох, төлүүлэх журмыг тогтоохдоо өөрийн баримталж байгаа мөнгөний бодлогын зорилго, чиглэлтэй уялдуулна.

Төв банк засгийн газарт зээл олгосноор гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ өсдөг. Учир нь засгийн газар зээлд авсан мөнгөө төсвийн ажилчдын цалин тавих, тэтгэвэр тэтгэмж олгох, бараа үйлчилгээний хөлсийг төлөх зэргээр эргэлтэнд оруулдаг. Харин төв банк засгийн газарт олгосон зээлээ эргүүлэн төлүүлэх үед мөнгөний нийлүүлэлт багасна.

Иймд мөнгөний хатуу бодлого баримталж байгаа үед банкууд болон засгийн газарт урьд жилүүдэд олгож хугацаа хэтэрсэн зээлийг эргүүлж төлүүлэх, зээл олголтыг аль болох хязгаарлах бодлого баримтлан ажиллах шаардлагатай байдаг. Төв банк нь зээлийн зохицуулалтын хүрээнд дээрх ерөнхий аргын зэрэгцээ:

         Банкны зээлийн хэмжээнд зохицуулалт хийх

         Зээлийн болон хадгаламжийн хүүгийн хоорондын зөрүүг хатуу тогтоох

         Эх үүсвэр болон олгосон зээлийн хоорондын хамаарлыг тогтоох зэрэг бусад аргуудыг мөн ашигладаг.

 

Comments

Popular posts from this blog

Банк санхүүгийн үндэс хичээл лекц №1

Банк санхүүгийн үндэс хичээл лекц №3

Банк санхүүгийн үндэс хичээлийн хөтөлбөр