Банк санхүүгийн үндэс лекц №11
Лекц-11 ДААТГАЛ ,ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО
Даатгалын үүсэл хөгжил, эдийн засгийн мөн чанар
Байнга давтагдан гарч болох
тохиолдолын чанартай үзэгдлээс урьдчилан сэргийлэх, мөн учирсан хохирлыг нөхөх
зайлшгүй шаардлага нь даатгалын үйл ажиллагаа үүсч хөгжих нөхцөл болсон байна.
Эхний үед хэсэг бүлэг хүмүүс хамтарч нөөцийн хэлбэртэй санг бараа, материал,
түүхий эдийн хэлбэрээр байгуулан учирсан хохирлыг нөхөхөд зориулан ашиглаж
байжээ. Таваар мөнгөний харилцаа гүнзгийрч үйлдвэрлэл хөгжихийн хэрээр хохирол
нөхөх санг мөнгөөр байгуулах болсон байна.
Хөдөлмөрийн хуваарь гүнзгийрч, гар
үйлдвэрлэлээс худалдаа салж бие даах болсон хийгээд олон улсын худалдаа хөгжиж,
далайн тээвэр бий болсоноор бараа таваар худалдаалах, түүний үнийг төлөх,
тээвэрлэх, хадгалах зэрэг үйл ажиллагаа нь элдэв эрсдэлд өртөж эхэлсэн нь
тэдгээрийг даатгаж хамгаалах хэрэгцээг бий болгосон. Үүнтэй холбогдож даатгалын үйл ажиллагаагаар
бие даасан пүүс, компаниуд гарч иржээ.
Санхүү нь мөнгөн хөрөнгийн нөөцийг
хуваарилах, дахин хуваарилах хүрээг бүхэлд нь хамардаг бол даатгал нь
санхүүгийн нөөцийн зөвхөн дахин хуваарилалтын шатанд явагддаг онцлогтой эдийн
засгийн категори юм.
Тодорхой орон зай, цаг хугацаанд тухайн нутаг
дэвсгэрийг хамарсан байгалийн гамшиг, урьдчилан төсөөлөх боломжгүй гэнэтийн
аваарь, осолын улмаас иргэд, аж ахуйн нэгжид учирсан хохирлыг нөхөх болон
тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мөнгөн хөрөнгийн санг бий болгох,
зарцуулахтай холбогдсон эдийн засгийн харилцааг даатгал гэнэ.
Гэрээнд нэр заан тодорхойлсон
тохиолдлуудын улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх зориулалт бүхий мөнгөн
хөрөнгийн санг байгуулах, ашиглах явцад үүсч байгаа дахин хуваарилалтын
харилцааг даатгал гэнэ.
Даатгал нь учирсан хохирлыг нөхөн
төлөх үндсэн үүргийнхээ зэрэгцээ дараах үүргүүдийг мөн гүйцэтгэнэ.
Даатгалын
сангийн тодорхой хэсгийг ашиглаж учирч болох эсрдэлийг багасгах замаар
хохирлоос урьдчилан сэргийлэх
Даатгуулагчдад
учирсан хохирлыг нөхөн төлүүлэх замаар нийгмийн үйлдвэрлэлийн тасралтгүй
ажиллагааг хангах
Даатгуулагчдын
хураамжийн орлогын ашиглагдаагүй сул чөлөөтэй хэсгийг ашигтайгаар байршуулах
замаар хөрөнгө оруулалт болон хадгаламжийн үүрэг гүйцэтгэх
Дээрх
үүргүүдийн биелэлт болон даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой
хяналтын үүрэг гүйцэтгэх зэрэг болно.
Даатгалын үндсэн ойлголт нэр томьёо.
Эрт дээр үеэс хөгжиж ирсэн даатгалын
харилцаа нь өөрийн гэсэн ерөнхий ойлголт, нэр томьёонуудыг бий болгож, хэрэгжиж
иржээ. Учир нь даатгалын харилцаанд оролцогсдын сонирхол, даатгалын обьект
даатгалын тохиолдлууд зэрэг хүчин зүйлүүд маш олон төрөл байдгаас тэдгээрийн
онцлог агуулгыг илэрхийлсэн нэгдсэн нэр томьёог хэрэглэх шаардлагатай болдог.
Ингэснээр даатгалын харилцаанд
оролцогчдын харилцааг хөнгөвчилж, ажил хэрэгч байдлыг хангахын зэрэгцээ
тэдгээрийн эрх үүргийг зохицуулах, даатгалын төрлүүдийн нөхцөлийг тодорхойлох
үндсийг хангана.
- “даатгалын
үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын
тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн
төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг;
- “даатгагч”
гэж энэ хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
авсан компанийг;
- “даатгуулагч”
гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай
гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг;
- “даатгалын
тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол
бүрдэхийг;
- “даатгалын
хураамж” гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид
төлөх төлбөрийг;
- “даатгалын
нөхөн төлбөр” гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд
даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг;
- “даатгалын
багц дүрэм” гэж энэ хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас даатгалын
үйл ажиллагааг зохицуулах зорилгоор гаргаж буй дүрэм, журам, заавар,
нөхцөл, шаардлагыг;
- “актуарч”
гэж даатгагчийн төлбөрийн чадварын түвшин, санхүүгийн тогтвортой байдлыг
хангах зорилгоор учирч болзошгүй эрсдлийг урьдчилан үнэлж, эдийн засаг,
математикийн тооцоо, судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг
этгээдийг;
- “давхар
даатгалын үйл ажиллагаа“ гэж даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн
үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дахин даатгахыг;
- ”гадаадын
зохицуулах байгууллага” гэж даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих чиг
үүрэг бүхий гадаад улсын байгууллагыг;
Олон улсын даатгалын үйл ажиллагааны
нэр томъёолол нь:
Улс хоорондын болон давхар даатгалтай холбоо бүхий
даатгалын үйл ажиллагааны онцлогийг илэрхийлнэ. Даатгалын олон улсын нэр томъёо
нь голдуу англи хэл дээр байдаг болно. Abandon (абандон) гэдэг нэр томъёо нь
даатгалын нийт дүн буюу нөхөн олговроо бүрэн нөхүүлж авахын тулд даатгуулагчийн
зүгээс даатгуулсан бараа, материал, усан онгоц зэрэг даатгалын зүйлээ
даатгагчид шилжүүлж, тэдгээрийг эзэмших эрхээсээ татгалзахыг хэлнэ.
Accident commissary (аваарын
коммисар) гэдэг нь
даатгалтай холбоо бүхий аваарь осол хариуцсан даатгагчийн бие төлөөтөгчийг
хэлнэ.
Даатгагчийн бие төлөөлөгч нь даатгалтай зүйлд учирсан
хохирлын талаар тайлан бичиж, certificate of accident (аваарын тухай
сертификат) гэж олон улсын даатгалын практикт нэрлэдэг албан ёсны баримтыг
бөглөж бүрдүүлнэ. Certificate of accident буюу аваарь осолын тухай сертификатад
заасан аваарь осолын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь даатгалын
тохиолдол болсныг батлах болон даатгалын нөхөн олговрыг нэг улсаас нөгөө улсын
холбогдох этгээдэд олгох үндэслэл болно.
Addendum (аддендум) гэдэг нь даатгалын болон давхар даатгалын
талаар өмнө нь байгуулсан гэрээнд хоёр талын тохиролцсоны дагуу албан ёсоор
нэмэлт өөрчлөлт оруулж, баримт үйлдэн түүнийг гэрээний салашгүй хэсэг болгохыг
хэлнэ.
Underwriter (андеррайтер) гэдэг нь даатгалын компариас
даатгалын гэрээ бие даан хийх, хохирлыг хариуцан нөхөх эрх авсан, арилжааны
даатгалын талаар мэргэжсэн даатгалын мэргэжлийн хүнийг хэлнэ. Underwriter
(андеррайтер) нь даатгалын компанид эсвэл даатгалын олон улсын зах зээл дээр
ажиллана.
Annuity (аннуитет) нь даатгуулагч насан туршдаа эсвэл
түүнийг нас барсны дараа ар гэр нь тогтмол орлогыг даатгалын компаниас авч
байхын тулд түүний ах үүсвэр болгон нэг мөсөн буюу хэсэг хугацааны турш
тодорхой хэмжээний орлогыг даатгалын байгууллагад төлөх үйл ажиллагааг хэлнэ.
Assistance (ассистанс) гэдэг томъёолол нь даатгалын гэрээний
хүрээнд даатгуулагчид шаардлагатай үед үзүүлэх тусламж, үйлчилгээний нэрийн
жагсаалтыг илэрхийлнэ. Ийм туслалцаа нь хүмүүнлэгийн шинж чанартай байх ба гол
төлөв эмнэлгийн, техникийн болон санхүүгийн чиглэлтэй байдаг болно.
Bank Insurance (банк инссюранс) нь банкнаас даатгалын үйл ажиллагаа
эрхлэхийн хэлнэ. Сүүлийн жилүүдэд барууны орнуудад арилжааны банк өөрийн үндсэн
үйл ажиллагаанаас гадна даатгалы ажил эрхлэх явдал нэмэгдэж байна.
Binder (биндер) нь даатгагч, даатгуулагч хоёр хамтран
ажиллахаар урьдчилан тохиролцон энэ талаар түр хугацааны баримт бичиг үйлдэхийг
хэлнэ. Өөрөөр хэлбэл Binder (биндер) нь даатгалын гэрээ байгуулахаас өмнөх
талуудын хооронд үүссэн даатгалын харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичиг
мөн.
Border (бордер) гэдэг томъёолол нь давхар даатгалд
хамруулахаар тогтоосон даатгалын эрсдэлийн албан ёсны нэрсийн жагсаалтыг хэлнэ.
Disclose (дисклоуз) гэдэг нэр томъёо нь даатгалын
объектод учирч болзошгүй аюул, аваарь осол, түүнээс үүдэн гарах эрсдэл, хор
уршгийн талаар даатгагчид нэн яаралтай мэдэгдэж байхыг даатгуулагчид үүрэг
болгосон тухай олон улсын даатгалын эрх зүйн хэм хэмжээг илэрхийлнэ.
Dispacheur (диспашер) гэдэг үг нь олон улсын далайн
тээврийн даатгалаар мэргэжсэн хүнийг хэлнэ. Ногоон картын систем гэдэг нь авто
тээврийн хэрэгслэл эзэмшигчийн иргэний хариуцлагын албан журмын даатгалын тухай
олон улсын гэрээ эрхийн актуудыг хэлнэ.
Lloyd’s (Ллойд) нь Лондонд байрладаг олон улсын
даатгалын зах зээлийг хэлнэ. Дэлхийн олон орны даатгалын пүүс, компани,
даатгалын төлөөлөгч нарыг эгнээндээ нэгтгэсэн энэ зах зээл 1734 онд
байгуулагдсан ажээ. Том хэмжээний объект болон ихээхэн аюул бүхий эрсдэлийг
хамтран даатгах зорилгоор даатгагчид сайн дураараа нэгдэхийг даатгалын Пул гэж
нэрлэнэ.
Comments
Post a Comment