Банк санхүүгийн үндэс лекц №4

 

Лекц-4   ҮНЭТ ЦААС

1.      Үнэт цаас гаргах зорилго, үнэт цаасны ангилал

2.      Хувьцаа

3.      Бонд

Үнэт цаас гаргах зорилго, үнэт цаасны ангилал

Үнэт цаас нь санхүүгийн зах зээлийн хөгжлийн үр дүнд бий болсон, түүний бүтээгдэхүүн юм. Үнэт цаас гэдэг нь өмчлөх болон бусад эрхүүдийг баталгаажуулсан санхүүгийн хэрэгслийг хэлдэг. Үүнд: “засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/ компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан эсвэл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн опцион, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа түүнчлэн санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гэж тодорхойлсон баримтууд орно. Үнэт цаас гаргах үйл ажиллагааг үнэт цаасны эмисс гэнэ. Үнэт цаасыг гаргах эрх бүхий байгууллагууд нь засгийн газар орон нутгийн засаг захиргааны байгууллага аж ахуйн нэгжүүд байдаг. Эдгээрийн үнэт цаас гаргах зорилго болон гаргах үнэт цаасны төрөл нь өөр өөр байна.

Засгийн газар:

         Төсвийн алдагдлыг багасгах

         Ямар нэг хөтөлбөр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр олж авах

         Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх

Компани

         Дүрмийн сангаа бүрдүүлэх

         Нэмэлт хөрөнгийн эх үүсвэр олж авах

         Компанийн хяналтын бүтцийг өөрчлөх

Орон нутгийн засаг захиргаа

         Нийтийн ашиглалтын барилга байгууламжийг барих, засварлахад хөрөнгө дайчлах

Үнэт цаасны бүрдүүлбэрийг бодитойгоор цаасан дээр хэвлэн гаргасан үнэт цаасыг биет гэнэн харин түүний бүрдүүлбэр нь компьютерийн санах байгууламжинд байгаа үнэт цаасыг биет бус гэнэ. Үнэт цаасны бүрүүлбэрт:

         Үнэт цаасны нэр төрөл

         Үнэт цаас гаргачийн нэр

         Нэрийн үнэт цаасны хувьд эзэмшигчийн нэр

         Үнэт цаасны нэрлэсэн үнэ хүү хугацаа

         Үнэт цаас гаргалтын нөхцөл зэрэг нь зайлшгүй тусгагдах ёстой.

Үнэт цаасыг хүчинтэй хугацаанд нь бусдад шилжүүлж болдоггүй, эзэмшигчийнх нь нэрийг тодорхойлон заасан үнэт цаасыг нэрийн үнэт цаас гэнэ. Ийм төрлийн үнэт цаасанд нэрийн хувьцаа нэрийн өрийн бичиг сертификатууд ордог.

Тодорхой этгээдийн нэр заагдсан боловч түүний зөвшөөрлөөр бусдад шилжүүлж болох үнэт цаасыг зөвшөөрлийн гэнэ. Үүнд бүх төрлийн векселүүд орно. Харин үнэт цаасанд заасан эрхийг эзэмшигчийн нэрээр тодорхойлон заагаагүй байвал мэдүүлгийн үнэт цаас гэнэ. Хувьцаа, өрийн бичиг, бүх төрлийн чекүүд үнэт цаасны энэ төрөлд багтах бөгөөд түүн дээр заагдсан эрхийг уг үнэт цаасыг эзэмшиж байгаа хэн боловч эдлэх эрхтэй.

Бараа таваарын эргэлт хөрөнгийн хөдөлгөөнтэй холбогдон бичигдэж байгаа вексель чекүүдийг арилжааны үнэт цаас гэнэ. Өөрөөр хэлбэл ийм үнэт цаасууд нь бараа таваарын арилжаанд ашиглагддаг гэсэн үг юм. Дүрмийн сангаа бүрдүүлэх, үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор гаргасан хувьцаа өрийн бичгүүдийг үндсэн үнэт цаас гэнэ. Бусад зорилгоор гаргаж байгаа үнэт цаасууд нь туслах үнэт цаасанд орно. Үүнд: сертификат, чек, опцион, фьючерс, вексель гэх мэт.

Аливаа үнэт цаасны чанарын үнэлгээ нь хараат бус байгууллагын гаргасан эргэн төлөгдөхгүй байх эрсдэлийн магадлалд өгсөн үнэлгээ байдаг. Үнэт цаасны анхын үнэлгээг АНУ-д Джоп Муди 1909 онд хийжээ. Манай орны хувьд үнэт цаасын үнэлгээг монголын хөрөнгийн бирж хийж үнэт цаасны эрсдэлийн түвшинг тогтоодог. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасууд нь А,В, С гэсэн ангилалд хуваагддаг бөгөөд үнэт цаасны ангиллыг тогтоохдоо дараах шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэдэг. Үүнд:

1.      Дүрмийн сангийн өсөлтийн харьцаа

2.      Нэг хувьцаанд ногдох цэвэр ашгийн хэмжээ

3.      Сүүлчийн 6 сард биржээр арилжаалагдсан хувьцааны хувийн жин.

Хувьцаа

Компанид хувь нийлүүлсэнийг гэрчлэх үнэт цаасыг хувьцаа гэнэ. МУ-н “ үнэт цаасны зах зээлийн тухай хууль” –д “ компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэлгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах компанийг татан буулгасны  дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогын хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хувьцаа гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Хувьцаа нь компанийг удирдахад тодорхой хэмжээгээр оролцох, үйл ажиллагааных нь үр дүнгээс хувь хүртэх хөрөнгийн тодорхой хэсгийг эзэмших эрхийг баталгаажуулдаг. Хувьцаат компаниуд хувьцааг санхүүгийн зах зээл дээр хоёр зорилгоор гаргадаг. Үүнд:

1.      Компанийн дүрмийн санг бүрдүүлэх

2.      Шинээр хөрөнгө оруулалтын эх үүсвэр олж авах.

Компанийн дүрмийн санг бүрдүүлэх зорилгоор шинээр хувьцааг анхдагч зах зээл дээр гаргаснаар өөрийн хувьцаа эзэмшигчидтэй болохыг хувьцааны анхдагч гаргалт гэнэ. Хүчин чадлаа нэмэгдүүлэх үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор хувьцаа гаргаж анхдагч зах зээл дээр худалдахыг хувьцааны хоёрдогч гаргалт гэнэ. Хувьцаат компани нь үүсгэн байгуулагдахдаа өөрийн дүрэмд заасан хувьцааны тооны дээд хэмжээг зөвшөөрөгдсөн хувьцааны тоо гэнэ. Зах зээл дээр борлуулагдсан хувьцааг гаргасан хувьцаа гэнэ. Хэрэв биет байдлаар хувьцаа гаргаж байгаа бол борлогдож амжаагүй байгаа хувьцааг хэвлэсэн хувьцаа гэдэг. Гаргаж худалдсан боловч корпорацийн мэдэлд орсон буюу компани эргүүлэн худалдаж авсан хувьцааг халаасны хувьцаа гэнэ. Халаасны хувьцааг:

1.      Зах зээл дээр өөрийн хувьцааны үнэ унасан үед эрэлтийг нь нэмэгдүүлэх зорилгоор

2.      Корпорацийн хяналтын бүтцийг өөрчлөх зорилгоор тус тус худалдан авдаг.

Хувьцаа эзэмшигчид нь корпорацийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшигч болох бөгөөд тэдгээрийн эдлэх эрхээс нь хамаарч хувьцааг хамгийн ерөнхий байдлаар энгийн болон давуу эрхийн хувьцаа гэсэн хоёр төрөлд хувааж үздэг.

Нийтэд санал болгож байгаа, саналын эрхтэй хувьцааг энгийн хувьцаа гэнэ. Зөвхөн компанийн хувьцаа эзэмшигчдэд зориулж, саналын эрхгүй гаргасан хувьцааг давуу эрхийн хувьцаа гэнэ.

Бонд

Бонд нь өрийн бичгийн гол төлөөлөгч учраас өрийн бичгүүдэд байдаг ерөнхий шинжүүдийг агуулдаг. Үүнд:

1.      Бонд эзэмшигч нь ямагт зээлдүүлэгч байна

2.      Тодорхой хугацааны дараа эргэн төлөгдөнө

3.      Бусдад арилжаалж шилжүүлж болно

4.      Тодорхой хүүтэй байна

Хөрөнгө оруулагчдаас мөнгө зээлснийг гэрчлэх баримтыг бонд гэнэ. Өөрөөр хэлбэл, бонд нь тодорхой хэмжээний өрийг заасан хугацаанд эргүүлж төлөх амлалт бичиг болдог.Бонд эзэмшигчид тодорхой хугацааны дараа буцаан төлөхөөр заасан мөнгөн дүн буюу бондын үндсэн өртгийг нэрлэсэн үнэ гэнэ. Харин тухайн өдөр зах зээл дээр арилжаалагдаж байгаа үнийг зах зээлийн үнэ гэнэ. 

Бондын нэрлэсэн үнэ нь түүний зах зээлийн үнээс өндөр байвал зөрүүг нь хөнгөлөлт харин зах зээлийн үнэ нь нэрлэсэн үнээсээ илүү байвал зөрүүг нь урамшуулал гэнэ.

Боэндын хөнгөлөлт, урамшууллын хэмжээ нь түүний нэрлэсэн ба зах зээлийн хүүгийн зөрүүгээс хамаардаг. Бондын нэрлэсэн тодорхой хувь хэмжээгээр төлж байгаа хүүг нэрлэсэн хүү гэнэ. Зах зээл дээр адил эрсдэлийн түвшинтэй бусад бондод төлж байгаа дундаж хүүг зах зээлийн хүү гэнэ.

Бонд нь гаргалтын шинж чанар, эргэн төлөгдөх хугацаа зах зээл санхүүгийн агуулгаасаа шалтгаалж маш олон төрөл байдаг. Тухайлбал:

         Тусгай хөрөнгөөр барьцаалагдаж баталгаажсан хамгаалалттай бонд

         Хөрөнгөөр баталгаажигдаагүй хамгаалалтгүй бонд

         Нэг зэрэг гаргасан бүх бондын төлөгдөх хугацаа нь ижил байдаг нэг хугацаат бонд

         Нэг зэрэг гаргасан бондуудын төлбөр хийгдэх хугацаа нь өөр өөр байдаг олон хугацаат бонд

         Бонд эзэмшигчийн нэр хаягийг тодорхойлон зааж бүртгэсэн нэрийн бонд

         Бусад үнэт цаасанд хөрвөдөггүй хүүг нь шулуун аргаар тооцдог  шулуун бонд

         Гаргасан байгууллагынхаа бусад үнэт цаасанд шилжих эрх бүхий хөрвөдөг бонд

 

 

 

 

Comments

Popular posts from this blog

Банк санхүүгийн үндэс хичээл лекц №1

Банк санхүүгийн үндэс хичээл лекц №3

Банк санхүүгийн үндэс хичээлийн хөтөлбөр