Банк санхүүгийн үндэс лекц №5

 

Лекц-5  БАНКНЫ ТОГТОЛЦОО ТӨВ БАНК

1.      1.Банк, банкны үйл ажиллагаа

2.      2. Төв банкны зорилго, үйл ажиллагаа

Банк банкны үйл ажиллагаа

         Банк нь санхүүгийн зуучлагчийн хувьд бусдын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох болон хуулийн этгээд хоорондын төлбөр тооцоог хийх зэрэг үндсэн үйлчилгээ үзүүлдэг мөнгөн харилцаа, зээл тооцооны төв юм.

Банкны үйл ажиллагаа нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогуудтай.Үүнд:

1.      Банкны үйл ажиллагаа нь бизнесийн бусад байгууллагынхаас илүү өргөн хүрээг хамардаг бөгөөд түүний үйл ажиллагаа үзүүлэх нөлөө нь зөвхөн тухайн банкны харилцагчдаар зогсохгүй нийт эдийн засаг хүн амын амьдралд нөлөөлдөг.

2.      Төрийн мөнгөний бодлого банкаар дамжин хэрэгждэг

3.      Банк нь материаллаг үйлдвэрлэл эрхэлдэггүй

4.      Харьцангуй өндөр эрсдэлтэй байна

5.      Банкны үйл ажиллагаагаа явуулж байгаа хөрөнгийн ихэнх нь бусдынх байдаг

6.      Банкны үйл ажиллагаанд түүний харилцагчдын итгэл чухал ач холбогдотой байна.

Банк нь нэг төрлийн бизнесийн байгууллага учраас түүний баримтлах гол зарчим буюу зорилго нь хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг арвижуулах явдал байдаг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд орлогоороо зарлагаа нөхөж ашигтай ажиллах зарчмыг биелүүлэх шаардлагатай болно.

Банк үйл ажиллагааныхаа дүнд олж байгаа нийт орлогыг:

1.      Хүүгийн орлого

2.      Хүүгийн бус орлого

3.      Ердийн бус орлого гэж ангилдаг.

Банкны байгууллагын нийт зардлыг:

1.      Хүүгийн зардалд

2.      Хүүгийн бус зардал

3.      Ердийн бус зардал гэж ангилна.

Банкны олох ашгийн хэмжээ зөвхөн олсон орлого, гарсан зардлаас хамаардаггүй. Банкны байгууллага хэр ашигтай ажиллах нь банкны менежер удирдлагуудын аж ахуйгаа хөтлөх арга, мэдлэг, үйл ажиллагааны онцлогоос хамаарч учрах олон төрлийн эрсдэлээс шалтгаалдаг. Банкны үйл ажиллагааны гол эрсдлүүд нь:

1.      Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл

2.      Банк тодорхой хугацаагаар олгосон зээл нь эргэн төлөгдөхгүй болсон үед учрах эрсдэлийг зээлийн эрсдэл гэнэ.

3.      Зах зээл дээр хүүгийн түвшинд өөрчлөлт орсноос актив пассивт нөлөөлөх болон зээлийн хүүг зөв тогтоогоогүйс учрах эрсдэлийг зээлийн хүүгийн эрсдэл гэнэ

4.      Банк нь зээлийн болзошгүй алдагдлаас хамгаалах санг нөхөж чадахуйц хэмжээний өөрийн хөрөнгөтэй байх шаардлагыг хангаагүйгээс учирч болох хохирлыг өөрийн хөрөнгийн эрсдэл гэнэ.

Банк нь бусдын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг хадгаламж харилцах хэлбэрээр татан төвлөрүүлж өөрийн үйл ажиллагааг явуулах хөрөнгийн эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд ашиг олох хувь нийлүүлэгчдийн баялгийг арвижуулахын тулд өөрийн нэрийн өмнөөс бусдад зээл олгох орлого олдог активт байршуулах болон бусад хуулиар хориглоогүй ажил үйлчилгээг үзүүлдэг байна.

Төв банкны зорилго, үйл ажиллагаа

Аливаа улсын төв банк нь тухайн улсынхаа банкны үүргийг гүйцэтгэж, улсын мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлж байдаг. Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг төв банк гэнэ.

Эдийн засгийн тодорхой хүрээнд бие даасан үйл ажиллагаа явуулж, улс орныхоо мөнгө зээлийн бодлогын зорилго чиглэлийг бие даан тодорхойлдог банкийг засгийн газраас хараат бус төв банк гэнэ.

Засгийн газрын удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулж, загсийн газрын тодорхойлсон мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч төв банкийг хараат банк гэнэ.

Ямар ч төв банкны өмнө:

1.      Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар болон ханшийг нь тогтворжуулах

2.      Банкны системийн хөрвөх чадвар найдвартай байдлыг хангах

3.      Төлбөрийн системийн үр ашигтай найдвартай байдлыг хангах гэсэн хоорондоо нягт уялдаа бүхий зорилтууд тавигддаг.

Эдгээр зорилтуудыг шийдвэрлэх явцдаа төв банкууд нь дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг. Үүнд:

1.      Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах үүрэг. Энэ үүргээ хэрэгжүүлэх эмиссийн онцгой эрх нь хуулиар баталгаажсан байдаг.

2.      Мөнгө, зээлийн зохицуулалтын үүрэг. Энэ үүрэг нь мөнгө зээлийн гүйлгээнд нөлөөлөх замаар төлбөрийн тэнцлийг сайжруулах, инцляци ажилгүйдлийн түвшинг бууруулах эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилго бүхий засгийн газрын эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн нөхцлийг бүрдүүлэх явцад хэрэгжинэ.

3.      Банкуудын банкны үүрэг. Төв банкны бусад банкуудаас ялгагдах онцлог нь байгууллага, иргэдтэй шууд харилцдаггүй, түүний үйлчлүүлэгчид нь арилжааны банкууд байдаг явдал юм. Тиймээс энэ үүрэг нь төв банк болон улс орны эдийн засгийг хооронд нь холбож өгдөг. Энэ үүргийнхээ хүрээнд:

         Арилжааны банкуудын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг хадгалах

         Банк хоородын төлбөр тооцоог гүйцэтгэх

         Арилжааны банкуудад хяналт тавих гэх мэт үйл ажиллагааг явуулна.

4.      Засгийн газрын банкны үүрэг. Төв банк нь засгийн газрын кассын үүргийг гүйцэтгэж, түүнд санхүүгийн талаар зөвөлгөө өгөгч нь болдог. Иймээс төв банкинд загийн газар болон улсын төсвийн данс байрлаж төлбөр тооцоо нь хийгдэж байдаг.

5.      Гадаад эдийн засгийн зохицуулалтын үүрэг. Гадаад эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотойгоор төв банкууд нь улсын валютын бодлогыг боловсруулж валютын хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага болдог. Энэ үүргийнхээ хүрээнд:

         Үндэсний валютын ханшны журамыг тодорхойлох

         Төлбөрийн тэнцлийн байдлыг сайжруулах

         Валютын үнэт зүйлсийн хөдөлгөөнийг хянах

         Алт валютын үнэт зүйлсийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаануудыг явуулна.

Төв банк нь өөрийн үүргүүдийг банкны үндсэн үйл ажиллагаа болох пассивийн болон активийн үйл ажиллагааны дүнд хэрэгжүүлнэ.

Банкны нөөцийг бүрдүүлж байгаа үйл ажиллагааг пассивын гэнэ. Нөөц хөрөнгө буюу эх үүсвэрийг байршуулахтай холбоотой үйл ажиллагааг активын гэнэ.

 

Comments

Popular posts from this blog

Банк санхүүгийн үндэс хичээл лекц №1

Банк санхүүгийн үндэс хичээл лекц №3

Банк санхүүгийн үндэс хичээлийн хөтөлбөр