Банк санхүүгийн үндэс лекц №6

 

Лекц-6  БАНКНЫ ТОГТОЛЦОО, АРИЛЖААНЫ БАНК

1.      Арилжааны банкны үүрэг, үйл ажиллагааны зарчим

2.      Арилжааны банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц

Арилжааны банкны үүрэг

Бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ашгийн төлөө бизнесийн байгууллагыг арилжааны банк гэнэ. МУ-н “ банкны тухай хуульд” “ банк нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг байна.” Гэж заасан байдаг.

Арилжааны банкны гол зорилго нь бусад бизнесийн байгууллагын нэгэн адил хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг арвижуулах ба ашиг олох явдал байдаг. Энэ зорилгоо хангахын тулд харилцагчдын ашиг сонирхолд нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлж үйлчилгээний шинэ дэвшилтэт хэлбэрийг цаг ямагт эрэлхийлж түүнийг үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг мөрдлөг болгодог.

1.      Хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олох зарчим

2.      Банкны үйл ажиллагааны үр дүн нь нэг талаас түүнд итгэх харилцагчдын итгэл нөгөө талаас харилцагчдын найдвартай байдлаас ихээхэн хамаардаг учраас итгэлцлийн зарчмыг баримтлан ажилладаг.

3.      Банк нь өрсөлдөөний зарчим дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг

4.      Эдийн засгийн хувьд бие даасан байх зарчим

Арилжааны банкны үйл ажиллагааны үндсэн үүрэг нь мөнгөний нөөцийг татан авах түүнийг оновчтой зөв байршуулах явдал бөгөөд энэ нь зуучлал буюу сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг дахин хуваарилах замаар хэрэгждэг. Иймээс ч арилжааны банкуудын эдийн засагт гүйцэтгэх бусад үүрүүд нь эндээс урган гардаг. Эдгээр үүргүүд нь:

1.      Хадгаламж хуримтлуулах

2.      Зээл олгох болон хөрөнгө оруулалтын

3.      Төлбөр тооцооны

4.      Мөнгө өсгөж үржүүлэх үүргүүд юм.

Арилжааны банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц

Арилжааны банкууд нь үүсгэн байгуулагдсан хэлбэрээрээ:

         Хувьцаат

         Хязгаарлагдмал хариуцлагатай гэж хуваагдана.

Дүрмийн сангийн өмчлөлөөрөө:

         Төрийн өмчийн

         Хувийн өмчийн

         Холимог гэсэн хэлбэртэй байна.

Үйл ажиллагаа явуулах хэлбэрээрээ:

         Нийтлэг

         Төрөлжсөн гэж ангилагддаг.

Тодорхой нэг салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг эсвэл банкны үйлчилгээний тодорхой төрлийг дагнан эрхэлдэг банкийг төрөлжсөн банк гэнэ.

Банк нь үйлчилгээний болон эдийн засгийн өргөн хүрээг хамарч үйл ажиллагаа явуулдаг бол түүнийг нийтлэг үйлчилгээ эрхэлдэг банк гэнэ.

Арилжааны банк үүсгэн байгуулах эрхийг төв банк үүсгэн байгуулагчийн өргөдлийг үндэслэж олгох бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлэхийг шаарддаг. Үүнд:

1.      Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл

2.      Банк үүсгэн байгуулах гэрээ

3.      Банкны дүрэм

4.      Эдийн засгийн үндэслэл тооцоо

5.      Бусад

Төв банк дараах үндэслэлээр банк байгуулах эрх олгохыг татгалзаж болно.

         Банкны хуульд заасан шаардлагыг хангаагүй

         Банкны дүрэм нь хууль тогтоомжтой зөрчилдсөн

         Дүрмийн сан хүрэлцэхгүй

         Хуурамч баримт бүрдүүлсэн гэх мэт.

Мөн төсөвт байгууллага, олон нийтийн болон шашны байгууллага энэрэнгүй үйл эрхэлдэг байгууллагуудад банкны үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог.

 

 

 

Comments

Popular posts from this blog

Банк санхүүгийн үндэс хичээл лекц №1

Банк санхүүгийн үндэс хичээл лекц №3

Банк санхүүгийн үндэс хичээлийн хөтөлбөр